26 дугаар зүйл. Түр саатуулах
26.1.Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
26.3.Цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
26.4.Энэ хуулийн 26.3 дахь хэсэг нь цагдан хорих, баривчлах байр, эмнэлэг, хорих байгууллагаас оргон зайлсан ялтан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарахгүй.
26.5.Хүнийг түр саатуулах үндэслэл арилсан тохиолдолд түүнийг даруй суллана.
26.6.Түр саатуулах байрны дэглэм, журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.