27 дугаар зүйл. Хуулийн этгээдийн баримт бичиг шалгах
27.1.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэл, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, холбогдох бусад баримт бичгийг шалгана:
27.1.1.хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэл байгаа;
27.1.2.хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан.
27.2.Баримт бичиг нь хууль ёсны эсэхийг шалгах шаардлагатай бол баримт бичгийн хуулбарыг авах, хуулбарлах боломжгүй бол эх хувийг 72 цаг хүртэлх хугацаанд түр хураан авч болно.
27.3.Цагдаагийн алба хаагч хуулийн этгээдийн баримт бичгийг биечлэн шалгаж болно.
27.4.Цагдаагийн алба хаагч хуулийн этгээдийн баримт бичиг шалгах явцад дараахь нөхцөл байдал илэрсэн тохиолдолд энэ хуульд заасан ажиллагааг явуулна:
27.4.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхээр даалгасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүн тухайн хуулийн этгээдийн байр, агуулах сав, эзэмшил газарт байгаа гэх;
27.4.2.хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эд зүйл, эсхүл хуулиар хязгаарласан, хориглосон эд зүйлийг хууль бусаар хадгалсан, үйлдвэрлэсэн, худалдсан гэх;
27.4.3.хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гэх.