28 дугаар зүйл. Орон байр, бусад газарт нэвтрэн орох

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Орон байр, бусад газарт нэвтрэн орох

28.1.Цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаархи гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах эрхтэй.

28.2.Цагдаагийн алба хаагч доор дурдсанаас бусад тохиолдолд бусдын орон байранд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орохыг хориглоно:

28.2.1.гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөрдөн хөөж баривчлах, эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа;

28.2.2.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодит аюул байгаа;

28.2.3.эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хоригдлыг мөрдөн хөөж баривчлах;

28.2.4.сэжиг бүхий этгээд оргон зайлах, гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, үрэгдэх бодит аюул тулгарсан.

28.3.Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч бусдын орон байранд нэвтрэн орохдоо оршин суугч, эзэмшигчийн зөвшөөрлийг заавал авсан байна.

28.4.Тухайн орон байранд хамтран оршин суугч, эсхүл хамтран эзэмшигч этгээдийн аль нэг нь зөвшөөрөл өгсөн бол энэ хуульд заасан бусдын орон байранд нэвтрэх үндэслэл болно.

28.5.Орон байранд нэвтрэх зөвшөөрөл өгсөн этгээдийг оршин суугч, эзэмшигч биш гэж мэдэх боломжгүй байсан бол энэ хуулийн 28.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

28.6.Цагдаагийн алба хаагчийн өөрийн санаатай үйлдлийн улмаас энэ хуулийн 28.2.4-т заасан нөхцөл үүсгэсэн нь бусдын орон байранд оршин суугч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй нэвтрэх үндэслэл болохгүй.

28.7.Цагдаагийн алба хаагч орон байр, бусад газарт нэвтрэн орохдоо хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана.

28.8.Нэвтрэн ороход оршин суугч, эзэмшигч саад учруулбал эсэргүүцлээ зогсоохыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл албадлагын арга хэмжээ хэрэглэхийг анхааруулна.

28.9.Цагдаагийн алба хаагч орон байр, бусад газарт нэвтрэн орохдоо энэ хуулийн 22.2, 22.6-д заасныг баримтлах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 28.2-т заасан тохиолдолд орон байр, бусад газарт нэвтрэн орох бол энэ хуулийн 22.2, 22.6, 28.8-д заасныг баримтлахгүй байж болно.

28.10.Нэвтрэн ороход эд зүйл, цоож, түгжээ, байгууламжийн хэсгийг эвдэх, дохиолол, хяналтын систем, цахилгааныг салгах, нохой, бусад амьтныг номхотгох техник, хэрэгсэл ашиглах зэргээр учрах саадыг арилгаж болно.

28.11.Оршин суугч, эзэмшигчийн эзгүйд орон байр, бусад газарт нэвтрэн орсон бол тэдгээрт даруй мэдэгдэх, боломжгүй бол 24 цагийн дотор мэдэгдэх арга хэмжээ авна.

28.12.Энэ хуулийн 28.11-д заасны дагуу оршин суугч, эзэмшигчид мэдэгдэх боломжгүй бол түүний оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ.

28.13.Энэ хуулийн 28.10-т заасан арга хэмжээ авсан, эсхүл эзэмшигчийнх нь эзгүйд нэвтрэн орсон бол эвдэрсэн эд хөрөнгийн хэвийн байдлыг сэргээх, түр хугацаагаар хамгаалах арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.