29 дугаар зүйл. Үзлэг хийх
29.1.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүний бие, тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ.
29.2.Үзлэгийг гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах, эсхүл далд байгаа зүйлийг ил гарган шалгах замаар энэ хуульд заасан үндэслэлийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.
29.3.Үзлэг хийхэд саад болж байгаа эд зүйл, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулж болно.
29.4.Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.
29.5.Үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн тохиолдолд даруй эзэмшигчид, боломжгүй бол баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ.
29.6.Үзлэг хийх үед хуульд заасан үндэслэл илэрсэн тохиолдолд хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулна.
29.7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд шаардлагатай бол эд ангийг салгаж болно.
29.8.Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлийг хамтад нь үзнэ.
29.9.Хүний биед үзлэг хийх үед уг этгээдийг нүцгэлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд үзлэгийг ижил хүйсийн эрх бүхий албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулж болно.
29.10.Нүцгэлж үзлэг хийх ажиллагааг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, бусдаас тусгаарлагдсан орчинд явуулна.
29.11.Нүцгэлж үзлэг хийх ажиллагааны үед энэ хуулийн 29.9-д зааснаас бусад хүнийг байлцуулахыг хориглоно.
29.12.Цагдаагийн байгууллага, алба хаагч нийтийг хамарсан арга хэмжээ, онц чухал обьектын хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед тухайн обьект, арга хэмжээ болж байгаа газарт нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн газарт нэвтрэх хүний бие, биедээ авч яваа эд зүйлд биечлэн болон тусгай техник, хэрэгсэл ашиглан үзлэг хийж болно.
29.13.Үзлэгийн зорилгод харшлахааргүй бол цагдаагийн алба хаагч үзлэгт хамрагдаж байгаа эд зүйл, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг өөрийн биед болон тээврийн хэрэгсэлд агуулагдаж байгаа шаардлагатай эд зүйлийг харуулах, ил гарган шалгуулахыг санал болгож, шаардлагатай тохиолдолд өөрийн биеэр уг ажиллагааг гүйцэтгэнэ.
29.14.Цагдаагийн алба хаагч хүний бие, тээврийн хэрэгсэл, хуулийн этгээдийн байрлаж байгаа газарт хуулиар хориглосон эд зүйл байгаа эсэхийг тогтоох зорилгоор эд зүйлсийн байршлыг өөрчлөх болон далд байгаа эд зүйлийг ил гаргахгүйгээр албаны нохой, тусгай техник ашиглан шалгасныг үзлэг хийсэнд тооцохгүй.
29.15.Хүнийг баривчлах, түр саатуулах үед тухайн хүний болон цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, нотлох баримтыг олж илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор хүний бие болон түүний зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ.
29.16.Хүний бие, эд зүйлд үзлэг хийхдээ үүрэн холбооны хэрэгсэл, цахим төхөөрөмж зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах хэрэгсэлд прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийхийг хориглоно.