30 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичиг түр хураан авах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичиг түр хураан авах

30.1.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ үүрэн холбооны хэрэгсэл, бусад шаардлагатай эд зүйл, тээврийн хэрэгсэл, цахим төхөөрөмж, баримт бичгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр түр хураан авч болно.

30.2.Хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах эд зүйл, баримт бичгийг сайн дураар гаргаж өгөх, байгаа газрыг нь зааж өгөх боломжийг тухайн хүнд олгоно.

30.3.Цагдаагийн алба хаагч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалт үйлдэнэ.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна.

30.5.Хураан авах ажиллагаанд тухайн эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.

30.6.Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа албан байр, дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, түүний гэр бүлийн гишүүний оршин сууж байгаа орон байранд хураан авах ажиллагааг гүйцэтгэх бол дараахь журмыг баримтална:

30.6.1.дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан, эсхүл орон байр, эзэмшил газрыг эзэмшиж байгаа дипломат төлөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр, эсхүл тэдгээрийн зөвшөөрснөөр хийх;

30.6.2.энэ хуулийн 30.6.1-д заасан хүсэлтээ Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан гаргасан байх;

30.6.3.прокурор болон Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг байлцуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.