31 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг зогсоож шалгах
31.1.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож шалгана:
31.1.1.жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, эсхүл зам тээврийн осол гаргасан;
31.1.2.стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон;
31.1.3.жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа байдал нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй;
31.1.4.тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн;
31.1.5.тээврийн хэрэгсэл нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл тээврийн хэрэгслийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан, эсхүл хууль бус, хуулиар хязгаарласан эд зүйл тээвэрлэж байгаа гэх үндэслэлтэй;
31.1.6.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхээр даалгасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүн тээврийн хэрэгслийг жолоодож, эсхүл түүгээр зорчиж яваа гэх үндэслэлтэй;
31.1.7.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй;
31.1.8.хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эд зүйлийг хууль бусаар тээвэрлэсэн, эсхүл жолооч, зорчигч ийм зүйлийг биедээ авч яваа гэх үндэслэлтэй;
31.1.9.тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн зам тээврийн ослын талаар ач холбогдол бүхий мэдээлэл өгч чадна гэх үндэслэлтэй;
31.1.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тодорхой газар нутаг, бүс дэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан, хориглосон;
31.1.11.цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр тодорхой төрлийн зөрчлийг илрүүлэх, онц аюултай гэмт хэрэгтэн, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйлийг олж илрүүлэх зорилго бүхий нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний үед.
31.2.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоох дохиог жолоочид ойлгомжтой байдлаар өгнө.
31.3.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 31.1-д заасан аль нэг үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож шалгах тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад холбогдох бичиг баримтыг нягталж, зөвхөн тухайн үндэслэлийг шалгаж тогтооход шаардлагатай арга хэлбэрээр шалгана.
31.4.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгах явцад дараахь үндэслэл бүхий сэжиг илэрсэн тохиолдолд энэ хуулийн 25, 32, 33, 34 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулна:
31.4.1.тээврийн хэрэгсэл нь эрэн сурвалжлагдаж байгаа гэх, эсхүл тээврийн хэрэгслийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан, эсхүл хууль бусаар олж авсан эд зүйл тээвэрлэж байгаа гэх;
31.4.2.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албадан ирүүлэхээр даалгасан, эд зүйл болон эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан түүнчлэн гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүн тухайн тээврийн хэрэгсэлд байгаа гэх;
31.4.3.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх;
31.4.4.хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах, хуулиар хязгаарласан, эсхүл хориглосон эд зүйлийг хууль бусаар тээвэрлэсэн, эсхүл жолооч, зорчигч ийм зүйлийг биедээ авч яваа гэх.
31.5.Энэ хуулийн 31.1.5, 31.1.6, 31.1.7, 31.1.8-д заасан үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож шалгах тохиолдолд цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийх хүрээ нь эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, хуулиар хориглосон зүйлийг нуун далдлах боломж бүхий эд зүйл, агуулах саванд үзлэг хийхээр хязгаарлагдана.
31.6.Цагдаагийн алба хаагчийн зогсох дохио, шалгуулах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн бол хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
31.7.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед зорчигчийг тухайн газарт үлдэхийг шаардаагүй, эсхүл энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй бол зорчигчийг саатуулсанд тооцохгүй.
31.8.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслээс илэрсэн эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл хуулиар хориглосон эд зүйлийг авч яваа этгээд нь тодорхойгүй тохиолдолд жолооч, зорчигчийг хамтад нь түр саатуулах, эсхүл эрх бүхий байгууллагад хүргэх эрхтэй.