32 дугаар зүйл. Согтуурсан, мансуурсан байдлыг шалгах
32.1.Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараахь аргаар шалгана:
32.1.1.харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах;
32.1.2.өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах;
32.1.3.зориулалтын тусгай хэрэгслээр шалгах.
32.2.Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно.
32.3.Цагдаагийн алба хаагч нь согтуурсан, мансуурсан байдалтай байгаа жолоочид дараахь арга хэмжээг авна:
32.3.1.тээврийн хэрэгслийг түр саатуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ул мөрийг бэхжүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баримтжуулах зорилгоор тээврийн хэрэгсэлд үзлэг хийх;
32.3.2.хуульд заасан үндэслэл байгаа бол эрүүлжүүлэх, түр саатуулах, эсхүл баривчлах;
32.3.3.жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах;
32.3.4.тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах, эсхүл түүний хөдөлгөөнийг хязгаарлах.