38 дугаар зүйл. Эрэн сурвалжлах ажиллагаа
38.1.Цагдаагийн байгууллага дараахь хүн, эд зүйлийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэр, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу, эсхүл өөрөө санаачлан явуулна:
38.1.1.гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүн, эсхүл оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, ял оногдуулахыг тэнсэж албадлагын арга хэмжээ авагдсан хүн;
38.1.2.хулгайлагдсан, барьцаалагдсан хүн;
38.1.3.хэн болох нь тодорхойгүй цогцсыг тогтоох;
38.1.4.оршин суугаа газраасаа алга болсон хүн;
38.1.5.сураггүй алга болсон хүн;
38.1.6.эмнэлгээс оргосон сэтгэцийн өвчтэй хүн;
38.1.7.шүүхээс даалгасан бусад этгээд;
38.1.8.алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, түүх соёлын дурсгалт, үнэт болон бусад эд зүйл;
38.1.9.зам тээврийн ослын газраас зугтсан, алдагдсан тээврийн хэрэгсэл.
38.2.Хүнийг эрэн сурвалжлах тохиолдолд түүний ургийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, үндсэн захиргаа, гэрэл зураг, биеийн өндөр, жин, онцлох содон тэмдэг, эрэн сурвалжлах үндэслэл зэрэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хориглоогүй мэдээллийг олон нийтэд мэдээлж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.3.Хүний амь нас, эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор террор үйлдэх, хүн худалдаалах, хүнийг алах, авлига, хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн болон зохион байгуулалттай гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа хүн, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны эрүүл мэндийн мэдээлэлд хамаарах бие эрхтний гажиг, халдварт өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хуульд заасны дагуу олон нийтэд мэдээлж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.4.Эрэн сурвалжлах ажиллагааны үед шүүхийн зөвшөөрлөөр орон байр, бусад газарт нэвтэрч болно.