5 дугаар зүйл. Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчим
5.1.Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална.
5.2.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараахь байдлаар хэрэгжинэ:
5.2.1.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх;
5.2.2.хуульд нийцсэн шийдвэрийг зохих ёсоор биелүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан хариуцах;
5.2.3.цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны өмнө ажлаа хариуцан тайлагнах;
5.2.4.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан нь доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;
5.2.5.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтан нь доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх.
5.3.дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд нийцсэн байна.
5.4.Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй.
5.5.Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
5.6.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг зөвхөн хуулиар тогтооно.