6 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тогтолцоо

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын тогтолцоо

6.1.Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ.

6.2.Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтооно.

6.3.Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж нь хариуцсан чиг үүргийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

6.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

6.5.Цагдаагийн байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх төрөлжсөн болон үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөх, гүйцэтгэх ажил явуулах албатай байна.

6.6.Цагдаагийн байгууллага харьяандаа чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэшсэн нэгж, мэдээлэл нэгтгэн боловсруулах, судалгаа, сургалт дадлагын, албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори болон инженер техник, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, хангалт, спорт, соён гэгээрүүлэх, мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан нэгжтэй байж болно.

6.7.Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл, бусад онцлогийг харгалзан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны болон автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээний жишиг нормативыг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.