54 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

54.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг цагдаагийн байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргана.

54.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

54.2.1.цагдаагийн алба хаагч болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар бүлэглэн довтолсон, эсэргүүцсэн;

54.2.2.төрийн тусгай хамгаалалтад байгаа, эсхүл бусад байгууллагын хамгаалалтад байгаа хүн, обьектод бүлэглэн халдсан, халдахыг завдсан;

54.2.3.бусдын орон байр, эзэмшил газрыг бүлэглэн эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

54.2.4.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгааг таслан зогсоох, баривчлах;

54.2.5.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн бүлэг зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;

54.2.6.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хүч хэрэглэсэн жагсаал цуглааныг албадан тараах;

54.2.7.бүлэглэн оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг баривчлах;

54.2.8.хорих анги, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүссэн.

54.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг авна:

54.3.1.боломжтой тохиолдолд прокурорт мэдэгдэх;

54.3.2.тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулж, тогтоосон бүсээс даруй гарахыг шаардах;

54.3.3.тухайн бүсэд байгаа хүнийг бүсээс гаргах талаар ухуулга хийх, хэрэглэх тусгай хэрэгслийн үйлчлэх нөлөөллийн талаар мэдээлэх;

54.3.4.яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад тодорхой газар, байршилд ирэх тухай мэдэгдэх.

54.4.Энэ хуулийн 54.3-т заасан анхааруулга, ухуулгыг тусгай хэрэгслийн нөлөөлөлд өртөж болох хүмүүсийн дийлэнх хэсэгт хүргэх боломжтой бүх арга хэрэгслийг ашиглан зохион байгуулна.

54.5.Энэ хуулийн 54.3.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах бодит аюул үүссэн тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг шууд хэрэглэж болно.

54.6.Олон хүнд зэрэг нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа ажиллагааг гүйцэтгэсэн байгууллага нь холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран дараахь арга хэмжээг авна:

54.6.1.хордсон хүн, амьтан, тэсэрч дэлбэрэх, химийн хорт болон аюултай бодис алдагдах, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж, аюулгүй болгох;

54.6.2.эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах;

54.6.3.орчныг ариутгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

54.6.4.тусгай хэрэгслийн үйлчлэл дуусах, эсхүл үүссэн аюултай нөхцөл арилах хүртэл тухайн орчинд эргүүл, хамгаалалт гаргаж, зөвлөгөө, сануулга өгөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.