77 дугаар зүйл. Цагдаагийн албанаас түр чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх
77.1.Гурван сараас дээш хугацаагаар эмчлүүлж сувилуулах, эсхүл байгууллагын захиалгаар сургуульд суралцах бол цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас түр чөлөөлнө.
77.2.Хүүхэд асрах чөлөөтэй болон энэ хуулийн 77.1-д заасан алба хаагчийн орон тоонд энэ хуулийн 66.2-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэнийг түр томилон ажиллуулж болно. Нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх боломжгүй бол иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллуулж болно.
77.3.Иргэнийг цагдаагийн албанд түр томилон ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулна.
77.4.Гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа цагдаагийн алба хаагчийн албан үүргийг эрх бүхий албан тушаалтан цагдаагийн өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно.
77.5.Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид ажлын үр дүнг харгалзан үндсэн цалингийнх нь 40 хүртэл хувиар урамшил олгоно.
77.6.Цагдаагийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.