33 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн эрх

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн эрх

33.1.Дотоодын цэргийн алба хаагч энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:

33.1.1.хамгаалалтад байгаа обьект, бүсэд нэвтрэх хүний бичиг баримтыг шалгах, түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх;

33.1.2.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг биелүүлэх, хууль бус үйлдлээ таслан зогсоох талаар шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, түүнийг цагдаагийн байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

33.1.3.хамгаалж байгаа обьектод халдсан, хууль бусаар нэвтрэн орохыг завдсан этгээдийг мөрдөн хөөх, түр саатуулах, цагдаагийн байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

33.1.4.чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл авах, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон саналыг обьектын захиргаа болон холбогдох байгууллагад тавих;

33.1.5.чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектод өдөр шөнийн аль ч цагт чөлөөтэй нэвтрэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүс дэх сэжиг бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх;

33.1.6.нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр хамгаалалтад байгаа обьектод хууль бусаар нэвтэрсэн этгээдийг олж тогтоох, халдлага, гэнэтийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектыг бүслэн хаах, уг бүсэд байгаа иргэний бичиг баримтыг шалгах, эд зүйлд үзлэг хийх;

33.1.7.гэмт хэрэг, зөрчлийн эд мөрийн баримт болох эд зүйлийг хуульд заасны дагуу түр хураан авах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх;

33.1.8.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, эсхүл аюул учирч болзошгүй тохиолдолд хамгаалалтад байгаа обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хязгаарлах;

33.1.9.энэ хуулийн 11.1.2-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний бичиг баримтыг шалгах;

33.1.10.хамгаалалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, гаргасан зөрчлийг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.11.хот, суурины дотор такси үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

33.1.12.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүнийг 6 цаг хүртэлх хугацаанд түр саатуулж болох бөгөөд хүнийг түр саатуулах зааврыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

33.3.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 22, 23, 24, 25, 26, 27, 29, 31, 32, 33, 40, 43, 44, 45 дугаар зүйлд заасан цагдаагийн алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журмыг мөрдөнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.