9 дугаар зүйл. Дотоодын цэргийн штаб
9.1.Штаб нь дотоодын цэргийг удирдах мэргэжлийн төв байгууллага байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.2.Штаб нь дотоодын цэргийн командлагчийн удирдлагад ажиллана.
9.3.Дотоодын цэргийн штабын даргаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч, эсхүл цэргийн мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг томилно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.4.Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд түүнийг энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд орлох бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.5.Дотоодын цэргийн командлагч алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ штабын даргад тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.6.Штабын дарга нь дотоодын цэргийн хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар бусад байгууллагатай харилцаж, штабын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, цэргийн жинхэнэ алба хаагчийг ахлагчийн албанд томилж, чөлөөлж, хална. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.Штаб нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./