8 дугаар зүйл. Дотоодын цэргийн командлагчийн бүрэн эрх
8.1.Дотоодын цэргийн командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.дотоодын цэргийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах;
8.1.2.дотоодын цэргийн анги, салбарын чиг үүргийг тогтоож, үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө, журмыг батлах;
8.1.3.цагдаагийн байгууллагатай харилцан ажиллах удирдамж, төлөвлөгөөг батлах;
8.1.4.цэргийн нийтлэг дүрмээр зохицуулахаас бусад дотоодын цэргийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх, биелэлтийг хангуулах;
8.1.5.улсын онц чухал обьектын хамгаалалтын үйл ажиллагааны стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг батлах;
8.1.6.дотоодын цэргийг бие бүрэлдэхүүн, зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
8.1.7.дотоодын цэргийг бүхэлд нь, эсхүл тодорхой анги, салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргах;
8.1.8.цэрэг татах, халах талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлээр дотоодын цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх;
8.1.9.дотоодын цэргийн албанд цэрэг татах, халах, хууль тогтоомжид заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх;
8.1.10.цэргийн жинхэнэ алба хаагчийг офицерын албанд томилох, чөлөөлөх, халах;
8.1.11.дотоодын цэргийн хүний нөөцийг сургаж бэлтгэх, нөхөн хангах ажлыг зохион байгуулах;
8.1.12.объектод үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.1.13.дотоодын цэрэг, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг анги, байгууллага, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.1.14.хуульд заасны дагуу алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.1.15.цэргийн нийтлэг дүрэмд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./