11 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгаар санал авах журам

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгаар санал авах журам

11.1.Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг энэ хуулийн 10.3-т заасан статистикийн байгууллага зохион байгуулж явуулна.

11.2.Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байна.

11.3.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна.

11.4.Зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас нь дараахь хэсгээс бүрдэнэ:

11.4.1.зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэний талаархи хүн ам зүйн мэдээлэл;

11.4.2.зөвлөлдөх санал асуулгын үндсэн асуулт;

11.4.3.асуулт нэг бүрээр санал тэмдэглэх хэсэг.

11.5.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно.

11.6.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.7.Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сонгогдсон иргэн тухайн санал асуулгад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг энэ хуулийн 11.6-д заасан журмаар дахин сонгож авна.

11.8.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна.

11.9.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно.

11.10.Энэ хуулийн 11.9-д заасан журамд дараахь зүйлийг заавал тусгана:

11.10.1.зөвлөлдөх санал асуулгын асуулт тус бүрээр эерэг, сөрөг мэдээллийг тэгш агуулсан лавлагаа, танилцуулгыг бэлтгэх;

11.10.2.зөвлөлдөх санал асуулгад оролцогчид олгох урамшуулал, томилолтын зардал /байр, хоол, унаа/-ыг төлөх;

11.10.3.хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох;

11.10.4.хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч /модератор/ нь тухайн хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцах;

11.10.5.хэсэгт явагдах хэлэлцүүлгийн бүх ажиллагааг дууны болон дүрсний бичлэгээр баталгаажуулах;

11.10.6.хэсэгт явагдсан хэлэлцүүлэгт оролцогчийн асуултыг нэгтгэн зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчид тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх.

11.11.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна. Энэ хуулийн 11.4.3-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна.

11.12.Зөвлөлдөх санал асуулгын хамрах хүрээ, сэдвээс хамааран нэг дэх шатыг алгасан хоёр дахь шатыг зохион байгуулж болно.

11.13.Энэ хуулийн 11.12-т заасны дагуу зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөх буюу санал нэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргах эрх бүхий этгээд гаргана.

11.14.Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, санал худалдан авахыг хориглоно.

11.15.Энэ хуулийн 11.10.4-д заасан хөтлөгч өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож бусдад нөлөөлөхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.