8 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх
8.1.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүсийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг жил бүр Үндэсний хороонд тайлагнах;
8.1.2.эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн бүсийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхойлж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгуулах арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.3.тухайн бүсийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн ажлыг нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
8.1.4.тухайн бүсийн хөгжлийн асуудлаар холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний хороонд, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт санал оруулж шийдвэрлүүлэх;
8.1.5.бүс нутгийн хөгжлийн асуудлаар нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэн, хуулийн этгээдээс тавьсан санал, хүсэлтийг судалж холбогдох арга хэмжээ авах;
8.1.6.тухайн бүсийн хэмжээнд бүс нутгийн хөгжлийн асуудлаар бүсчилсэн зөвлөлгөөн, уулзалт, үзүүлэх сургууль санаачлан зохион байгуулах;
8.1.7.тухайн бүсийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаас тавьж буй санал, санаачлагыг дэмжин зохион байгуулалтын удирдлагаар хангах;
8.1.8.эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулсан аргачлал, зааврын дагуу бүсийн хөгжлийн талаархи судалгаа, мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.9.бүсийн тэжээл тариалах, хадлан хадах талбай болон бэлчээр нутгийг тодорхойлох, байгалийн гамшгаас мал сүргийг урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс нутгийн сүлжээ бүрдүүлэх;
8.1.10.бүсийн онцлогтой холбогдсон эдийн засгийн бодлогын асуудлаар саналаа Засгийн газарт тавих;
8.1.11.бүсийн дэд бүтцийг байгуулах, ашиглах асуудлыг санаачлан хэрэгжүүлэх.
8.1.12.тухайн жилд хэрэгжүүлэх бүсийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээг баталж, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.2.Зөвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргуулах шаардлага гарвал уг асуудлыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.