14 дугаар зүйл. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх

14.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, дугаар авсан байна.

14.2.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.

14.4.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх чиглэл, хуваарийг энэ хуулийн 14.2-т заасан гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тогтоож, сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчаар батлуулж мөрдөнө. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.5.Энэ хуулийн 14.4-т заасан хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгнө.

14.6.Энгийн хог хаягдлыг зориулалтын, битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

14.7.Энгийн хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч, ачигч нь зохих сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана.

14.8.Энэ хуулийн 14.2-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үед түүнийг унах, асгарах, хийсэхээс сэргийлэх арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.