31 дугаар зүйл. Байгууламжийг хаах
31.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийг хэсэгчлэн болон бүрэн хаах хаалтын төлөвлөгөө, шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
31.2.Байгууламжийн технологи болон үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан тохиолдолд энэ хуулийн 31.1-д заасан төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулна.
31.3.Байгууламжийг хэсэгчлэн болон бүрэн хаах тухай мэдэгдлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээс 90 хоногийн өмнө мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
31.4.Байгууламжийг хэсэгчлэн болон бүрэн хаах хаалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд орон нутгийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.5.Сүүлчийн хаягдлыг хүлээж авснаас хойш 180 хоногийн дотор байгууламжийг бүрэн хаах хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж дуусгана.
31.6.Байгууламжийг бүрэн хааснаас хойш 60 хоногийн дотор байгууламжийг хаасан мэдэгдэл, тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./