37 дугаар зүйл. Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
37.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно:
37.1.1.үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл;
37.1.2.үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.
37.2.Энэ хуулийн 37.1.1-д заасан зөвшөөрөл нь барилгын ажил эхлүүлэхээс үйл ажиллагаа эрхлэх хүртэлх хугацааг хамаарна.
37.3.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа шинээр эхлүүлэхэд энэ хуулийн 37.1.1-д заасан зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.4.Энэ хуулийн 37.3-тзаасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно.
37.5.Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг арван жилийн хугацаагаар сунгана.
37.6.Хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
37.7.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу сэргээнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.8.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрлийг хүчингүй болгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
37.8.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
37.8.2.хуулийн этгээд татан буугдсан;
37.8.3.зөвшөөрлийг авахад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
37.8.4.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
37.8.5.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
37.9.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход энэ хуулийн 7.1.2-т заасан журмыг мөрдөнө.