38 дугаар зүйл. Аюултай хог хаягдал экспортлох
38.1.Аюултай хог хаягдлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага экспортлож болно.
38.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрлийг доор дурдсан нөхцөлд олгоно: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
38.2.1.аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах техник тоног төхөөрөмж байхгүй;
38.2.2.аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
38.3.Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.3.1.аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлт; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
38.3.2.аюултай хог хаягдал импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
38.3.3.аюултай хог хаягдлын тээвэрлэлт экспортлогч болон импортлогч улсаас өөр улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол тухайн орны эрх бүхий байгууллагаас нутаг дэвсгэрээрээ тээвэрлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл, эсхүл мэдэгдэл.
38.4.Экспортлох аюултай хог хаягдал нь олон улсад мөрддөг заавар журам, стандартын дагуу савлагдсан, тэмдэг тэмдэглэгээ тавигдсан, хог хаягдлын дагалдах бичгийг бүрдүүлсэн байна.
38.5.Аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ олон улсын гэрээ, конвенц, журамд заасан шаардлагыг дагаж мөрдөнө.