40 дугаар зүйл. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах

40.1.Хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэнэ.

40.2.Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дахивар нөөц сонгож, хаягдалгүй болон хамгийн бага хог хаягдал гаргах технологи ашиглана.

40.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дахин боловсруулсан, сэргээн ашигласан бүтээгдэхүүн худалдан авах замаар ногоон худалдан авалтыг дэмжинэ.

40.4.Энэ хуулийн 40.5-д заасан үйлдвэрлэгч болон импортлогчоос бусад дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгоно: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

40.4.1.хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгч; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

40.4.2.байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

40.4.3.цаас, лааз, шил, хуванцар зэрэг дахин боловсруулах боломжтой энгийн хог хаягдлыг ангилсан хог хаягдал худалдан авах цэгт хүлээлгэн өгсөн. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

40.5.Энэ хуулийн 8.1.14-т заасан жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүрэгтэй.

40.6.Үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг цуглуулж, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах, экспортлох амьдралын мөчлөгийг харуулсан схемтэй байх ба түүнийг олон нийтэд нээлттэй байлгана.

40.7.Хог хаягдлыг дахин боловсруулж хийсэн бүтээгдэхүүн болон дахин боловсруулагдах хог хаягдал үүсгэх бүтээгдэхүүн нь энэ хуулийн 8.1.13-т заасан таних тэмдэгтэй байна.

40.8.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах байгууламж болон хог хаягдлын төвлөрсөн цэг, үйлдвэр технологийн паркийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

40.9.Энэ хуулийн 40.4-т заасан урамшуулал нь мөнгөн, эсхүл ногоон онооны хэлбэртэй байх бөгөөд орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

40.10.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эдийн засгийн урамшууллыг төрөөс авах үйлчилгээний төлбөрт зарцуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.