41 дугаар зүйл. Хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр, үйл ажиллагааны санхүүжилт
41.1.Энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.
41.2.Аюултай хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үүсгэсэн хог хаягдлаа тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгахтай холбогдон гарах зардалд шаардагдах аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлс төлнө.
41.3.Овор хэмжээ ихтэй болон барилгын хог хаягдлыг тээвэрлэх, устгах үйлчилгээний хөлс нь энэ хуулийн 41.1-д заасан хураамжид хамаарахгүй.
41.4.Энэ хуулийн 41.2, 41.3-тзаасан үйлчилгээний хөлсийг хог хаягдлыг хүлээн авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний үндсэн дээр тохиролцон тогтооно.
41.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно.
41.6.Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно.
41.7.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг эрчим хүч, хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөртэй хамтатган хураах замаар төвлөрүүлж болно.
41.8.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт төвлөрүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.9.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг дараахь үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:
41.9.1.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх;
41.9.2.хог хаягдлыг булшлах;
41.9.3.энэ хуулийн 41.7-д заасны дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлсэн тохиолдолд үйлчилгээний шимтгэл төлөх.
41.10.Хог хаягдал цуглуулж тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.2.1-д заасан тарифыг үндэслэн цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.
41.11.Хог хаягдлыг булшлах үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.4-д заасан тарифыг үндэслэн булшилсан хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.
41.12.Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, бүх нийтийн их цэвэрлэгээ, сургалт, сурталчилгаа зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдах зардлыг аймаг, сум, нийслэл, дүүрэг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт тусгаж зарцуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.13.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч мөнгөн урамшуулал олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.14.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, булшлах үйл ажиллагаанд аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвөөс сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотод дэмжлэг үзүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.15.Энэ хуулийн 41.14-т заасан дэмжлэгийг энэ хуулийн 41.9.1, 41.9.2-т заасны дагуу зарцуулна.
41.16.Хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд улсын төсвөөс аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотод дэмжлэг үзүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.17.Энэ хуулийн 41.8-д заасан хөрөнгийг төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.