42 дугаар зүйл. Хог хаягдлын талаархи боловсрол олгох
42.1.Хог хаягдлын талаархи боловсрол нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаархи мэдлэг олгоход чиглэнэ.
42.2.Хог хаягдлын талаархи боловсролыг дараахь байдлаар олгоно:
42.2.1.энэ хуулийн 7.1.1-д заасан үндэсний хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсрол олгох зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;
42.2.2.хог хаягдлын талаархи албан боловсролыг энэ хуулийн 8.4.2-т заасан боловсролын агуулгаар дамжуулан олгох;
42.2.3.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хог хаягдлын талаархи үндэсний уламжлал, зан заншил, тэргүүн туршлага, хууль тогтоомжийг сурталчлах;
42.2.4.албан бус боловсролыг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалт, судалгааны төвөөр дамжуулан олгох.
42.3.Хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалтыг орон нутагт зохион байгуулж, иргэдийг сургалтад бүрэн хамруулахад бүх шатны Засаг дарга, хотын Захирагч санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
42.4.Хувийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачлагаар хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалт зохион байгуулахад сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч болон нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь сургалтын талбай, байраар дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцоог хангахад туслалцаа үзүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
42.5.Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг сургалтад бүрэн хамруулах, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй.
БУСАД ЗҮЙЛ