11.1.Нялх, балчир хүүхдийн хооллолтын талаархи мэдээлэл, сургалтыг эрүүл мэндийн байгууллага болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй төрийн бус байгууллага ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан доор дурдсан агуулгын хүрээнд зохион байгуулна:
11.1.1.зургаан сар хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид тогтвортой үргэлжлүүлэн хөхүүлэхийн ач холбогдол;
11.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу тал, ач холбогдол;
11.1.3.хүүхдийг хөхнөөс хүчилж гаргах шийдвэрийн сөрөг үр дагавар;
11.1.4.хүүхдэд зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоол өгөх, түүний ач холбогдол;
11.1.5.угж, хөхөлт ашиглан хөхүүлэх, нэмэгдэл хоолонд эрт оруулахын сөрөг үр дагавар;
11.1.6.хөхүүл эхийн эрүүл хооллолт;
11.1.7.гэрийн нөхцөлд нэмэгдэл хоолыг бэлтгэх.
11.2.Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн тухай мэдээлэл, сургалтын материал шинжлэх ухааны үндэслэлтэй байх бөгөөд үйлдвэрлэгч, түгээгчийн лого, зориулалтын бүтээгдэхүүний брэнд нэрийг оролцуулахыг хориглоно.