10 дугаар зүйл. Нялх, балчир хүүхдийн хүнс, хооллох хэрэгслийн зар сурталчилгаа
10.1.Доор дурдсан бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжихийг хориглоно:
10.1.1.энэ хуулийн 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.9, 3.1.10-д заасан бүтээгдэхүүн;
10.1.2.эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн бүтээгдэхүүн. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.Хуулийн этгээдэд зориулалтын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.2.1.үнийн хямдрал, хөнгөлөлт, тусгай урамшуулал өгөх, танилцуулах дэлгэц ашиглах;
10.2.2.нялх, балчир хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой материал бэлтгэх, хэвлүүлэх, түгээх;
10.2.3.анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургууль, коллеж болон судалгаа, шинжилгээний байгууллагыг ивээн тэтгэх;
10.2.4.эрүүл мэндийн байгууллагын орчинд зориулалтын бүтээгдэхүүнтэй холбоотой танилцуулга, зурагт хуудас байршуулах;
10.2.5.нялх, балчир хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтэн, судлаачид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх;
10.2.6.нялх, балчир хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлаар арга хэмжээ зохион байгуулах, оролцогчдыг сонгох, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх;
10.2.7.зориулалтын бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газарт бэлэглэх, хямд үнээр өгөх.
10.3.Хуулийн этгээд нь зориулалтын бүтээгдэхүүнийг худалдах зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтан, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, түүний дээжийг дангаар нь, эсхүл бусад бүтээгдэхүүнтэй багц байдлаар бэлэглэх, хямд үнээр өгөхийг хориглоно.
10.4.Энэ хуулийн 3.1.5, 3.1.6, 3.1.7-д заасан зориулалтын бүтээгдэхүүнийг эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын орчинд худалдахыг хориглоно.
10.5.Зориулалтын бүтээгдэхүүний нэр, барааны тэмдэг, лого, бусад ялгарах онцлогийг энэ хуулийн хүрээнд хамаарахгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглахыг хориглоно.