10 дугаар зүйл. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

АВТО ЗАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;

10.1.2.авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журам баталж, хэрэгжүүлэх;

10.1.3.олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн үр ашиг, ач холбогдлыг үндэслэн боловсруулж, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

10.1.4.мэргэжлийн судалгаа, шинжилгээний байгууллагаар авто зам, замын байгууламжийн хийц, технологи, материалын чанарт мэргэжлийн дүгнэлт гаргуулах, норм, норматив, техникийн баримт бичиг, үнэ бүрдэлтийг боловсронгуй болгож, шинжлэх ухааны ололт, шинэ техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

10.1.5.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх;

10.1.6.авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

10.1.7.тусгай зориулалтын авто зам барих, засварлах, ашиглахтай холбоотой журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах;

10.1.8.нийслэл, орон нутгийн чанартай авто замыг хөгжүүлэх бодлого, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах;

10.1.9.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах;

10.1.10.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, үндсэн хөрөнгийн бүртгэлд оруулах, элэгдэл хорогдлыг тооцох, бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах;

10.1.11.авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

10.1.12.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттай авто замд тээврийн осол давтагдан гарч байгаа цэгүүдийн ослын шалтгааныг тогтоох эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

10.2.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.