12 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.1.үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, ерөнхий төлөвлөгөөг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;
12.1.2.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;
12.1.3.нийслэл, орон нутгийн чанартай авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг зохион байгуулах;
12.1.4.нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах;
12.1.5.олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэсвгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах;
12.1.6.нийслэлийн авто замын ажлыг санхүүжүүлэх, барих, ашиглах, засах, арчлах, талаар журам боловсруулан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хэрэгжүүлэх;
12.1.7.байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлах шаардлага гарсан үед харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тээвэр, холбооны хэрэгсэл, машин механизм, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор дайчлан гаргуулах, хүн хүчний туслалцаа авах ажлыг зохион байгуулах;
12.1.8.харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах;
12.1.9.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахдаа авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч тусгах. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./