16 дугаар зүйл. Авто замын бүрэлдэхүүн
16.1.Авто зам нь дараахь хэсгээс бүрдэнэ:
16.1.1.зорчих хэсэг;
16.1.2.замын хөвөө;
16.1.3.замын байгууламж;
16.1.4.авто замын зурвас газар;
16.1.5.хяналт тавих зурвас газар;
16.1.6.авто замын тусгайлсан эгнээ.
16.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна.
16.3.Нийслэл болон хот, суурингийн авто замын зурвас газрын өргөнийг холбогдох норм, дүрмийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
16.4.Онцгой тохиолдолд олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөнийг тухайн авто зам болон газар нутгийн онцлогтой уялдуулан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөнийг аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох норм, дүрмийн хүрээнд өөрөөр тогтоож болно.
16.5.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын хяналт тавих зурвас газрын хэмжээг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын хяналт тавих зурвас газрын өргөнийг зураг төслийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
16.6.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.