19 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн зураг төсөл
19.1.Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
19.2.Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлага:
19.2.1.зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх;
19.2.2.зорчигчдын эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх;
19.2.3.авто зам, замын байгууламжийг зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх нөхцөлийг хангасан гүүрэн, нүхэн гарц, гарамтай байхаар тусгах;
19.2.4.авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэх материалд тавигдах шаардлага, технологийн үе шатны үйл ажиллагааг нарийвчлан тусгасан техникийн шаардлагыг боловсруулсан байх;
19.2.5.авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулсан байх.
19.3.Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19.4.Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна.
19.5.Энэ хуулийн 19.4-т заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна.