20 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн барилгын ажил
20.1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
20.2.Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.
20.3.Авто зам, замын байгууламжийг барих зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна.
20.4.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
20.5.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
20.6.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр, бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20.7.Энэ хуулийн 20.6-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглоно.
20.8.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлнэ.
20.9.Магадлашгүй ажлын зардлыг авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичигт заасан хувь хэмжээгээр нийт ажлын төсөвт өртөгт тусгана.
20.10.Магадлашгүй ажлын зардлыг тооцож олгох журмыг санхүү, төсвийн болон авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
20.11.Бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг саадгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.