22 дугаар зүйл. Авто замын арчлалт, засварын ажил
22.1.Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана.
22.2.Авто замын арчлалт, засварын ажлыг дараахь байдлаар ангилна:
22.2.1.арчлалт;
22.2.2.урсгал засвар;
22.2.3.ээлжит засвар;
22.2.4.их засвар;
22.2.5.гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар.
22.3.Авто замын арчлалт, засварын ажлын ангилалд тавигдах шаардлагыг норм, норматив, техникийн баримт бичгээр тогтооно.
22.4.Авто замын арчлалт, урсгал болон ээлжит засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг тухайн замыг хариуцагч байгууллага гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит болон гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
22.5.Авто зам, замын байгууламжийн их засварын ажлыг авто замын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
22.6.Авто зам, замын байгууламжийн их засварын ажлын техник, технологийн хяналтыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
22.7.Авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тухайн авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлнэ.
22.8.Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх норм, норматив болон журмыг санхүү, төсвийн болон авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.