23 дугаар зүйл. Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч байгууллага
23.1.Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.
23.2.Зам хариуцагч байгууллагын хариуцах замын чиглэл, уртыг тухайн авто замыг эзэмшигч тогтооно.
23.3.Зам хариуцагч байгууллага нь дараахь үүрэгтэй:
23.3.1.авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;
23.3.2.авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах;
23.3.3.хариуцсан авто замын бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, нэгдсэн бүртгэлд оруулах;
23.3.4.авто замын зурвас болон хяналт тавих зурвас газрыг хамгаалах;
23.3.5.авто зам өмчлөгч болон эзэмшигчийг замын ашиглалтын талаархи мэдээллээр тогтмол хангах;
23.3.6.гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээг шуурхай авах;
23.3.7.авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү овор, даацтай болон тусгай хамгаалалтгүй гинжит дугуйтай тээврийн хэрэгсэл зорчихоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих;
23.3.8.тухайн нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг зохих журмын дагуу зохион байгуулах.