24 дугаар зүйл. Авто замын сан

АВТО ЗАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Авто замын сан

24.1.Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий "Авто замын сан"-тай байна.

24.2.Авто замын санг улс, нийслэл, орон нутгийн гэж ангилна.

24.3.Улсын авто замын сангийн хөрөнгөөр олон улс, улсын чанартай авто замын, нийслэл, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засварын ажлыг тус тус санхүүжүүлнэ.

24.4.Авто замын сангийн хөрөнгөөр авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.

24.5.Авто замын сангаас авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлнэ.

24.6.Улсын авто замын сан нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, нийслэл, орон нутгийн авто замын сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.

24.7.Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар батална.

24.8.Авто замын сангийн хөрөнгийг энэ хуулийн 24.3, 24.4, 24.5-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

24.9.Тухайн жилд улсын авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус баталж, хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.