4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

АВТО ЗАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."авто зам" гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг;

4.1.2."авто замын бүртгэл, мэдээллийн сан" гэж авто зам, замын байгууламжийн үндсэн өгөгдөл, өртөг болон авто зам, замын байгууламжтай холбоотой бусад мэдээллийг агуулсан цахим санг;

4.1.3."авто замын арчлалт" гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг;

4.1.4."авто замын норм, норматив, техникийн баримт бичиг" гэж эрх бүхий байгууллагаар батлагдсан авто зам, замын байгууламжийн норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, төсвийн үнэ бүрдэлттэй холбоотой баримт бичиг, стандартыг;

4.1.5."авто замын урсгал засвар" гэж авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын түвшинг сайжруулах зорилгоор тогтмол гүйцэтгэх ажлыг;

4.1.6."авто замын ээлжит засвар" гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг тогтоож, ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор ангилал, бүтээцийг өөрчлөхгүйгээр тогтоосон хугацаанд хийх ажлыг;

4.1.7."авто замын их засвар" гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын ангилал, зэрэглэл, ашиглалтын түвшинг дээшлүүлж, сайжруулах зорилгоор тогтоосон хугацаанд хийх барилгын ажлыг;

4.1.8."авто замын зурвас газар" гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, цаашид авто замыг өргөтгөх зориулалтаар энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон газрыг;

4.1.9."аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам" гэж аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг;

4.1.10."гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга, засвар, арчлалт, техник, технологийн хяналтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.11."замын байгууламж" гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг;

4.1.12."зам хариуцагч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.13."замын хөвөө" гэж авто замын зорчих хэсгийн хоёр талын зурвас хэсгийг;

4.1.14."замын хөдөлгөөний эрчим" гэж тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоогоор илэрхийлсэн үзүүлэлтийг;

4.1.15."зорчих хэсэг" гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан авто зам, замын байгууламжийн хэсгийг;

4.1.16."зорчих хэсгийн тусгайлсан эгнээ" гэж нийтийн тээврийн хэрэгсэл болон яаралтай тусламж, үйлчилгээний тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто зам, замын байгууламжийн хэсгийг;

4.1.17."зөвлөх үйлчилгээ" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.15-д заасныг;

4.1.18."зураг төсөл" гэж авто зам, замын байгууламжийг барих, засварлах, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичгийг;

4.1.19."зураг төсөл зохиогч" гэж авто зам, замын байгууламжийн зураг, төсөв боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.20."зураг төслийн магадлал" гэж авто зам, замын байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;

4.1.21."магадлашгүй ажил" гэж авто зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх явцад зайлшгүй хийгдэх нэмэлт ажлыг;

4.1.22."Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын сүлжээг;

4.1.23."нийслэлийн авто зам" гэж Улаанбаатар хот, түүний дагуул хот, дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замыг;

4.1.24."орон нутгийн чанартай авто зам" гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг;

4.1.25."олон улсын чанартай авто зам" гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр улс хооронд автотээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн авто замыг;

4.1.26."техник, технологийн хяналт" гэж авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлыг батлагдсан зураг, төсөв, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагааг;

4.1.27."тусгай зориулалтын авто зам" гэж тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замыг;

4.1.28."улсын чанартай авто зам" гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг;

4.1.29."хяналт тавих зурвас газар" гэж авто замын зурвас газрын хязгаараас үл хамааран зорчигчийн үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа болон авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай газрыг;

4.1.30."чанарын баталгаат хугацаа" гэж авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш гүйцэтгэгчээс түүний чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон хугацааг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.