12 дугаар зүйл. Аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх
12.1.Залуучуудын аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг дараахь чиглэлээр дэмжинэ:
12.1.1.орлоготой нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдаж авах, түрээслэх, зорилтот бүлгийн залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг залуучуудын болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;
12.1.2.залуучуудыг гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулах;
12.1.3.хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагад хоригдож байгаа залуучуудад зориулсан сэтгэл заслын үйлчилгээ, соёл, спорт, хүмүүжлийн арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотой зохион байгуулах;
12.1.4.гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлсэн залуучуудад боловсрол, мэргэжил олгох, хорих ангиас суллагдах үед ажлын байраар хангах талаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн гаргасан санаачилгыг дэмжих;
12.1.5.хөдөө, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг дэмжих, алдаршуулах.
12.2.Энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5-д заасан үйл ажиллагааг залуучуудын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.3.Залуучуудын өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг дараахь чиглэлээр дэмжинэ:
12.3.1.залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн, соёл, урлаг, биеийн тамир, спортын цогцолбор, хөгжлийн төв, цэцэрлэгт хүрээлэн, дэд бүтцийг шинээр барьж байгуулах, өргөтгөх төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх;
12.3.2.залуучуудын авьяас чадвар, бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэхэд шашин болон улс төрөөс ангид урлаг, соёл, спортын арга хэмжээнд залуучууд оролцох, эдгээр арга хэмжээг зохион байгуулсан хуулийн этгээдийг дэмжих;
12.3.3.түүх, соёлын өвийг хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах;
12.3.4.залуучуудын дунд гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэх, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, сурталчлах үйл ажиллагааг дэмжих;
12.3.5.байгаль орчныг хамгаалах ардын зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх санаачилгыг дэмжих.
12.4.Энэ хуулийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5-д заасан үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга нар хэрэгжүүлнэ.
ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ