11 дугаар зүйл. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

11.1.Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараахь чиглэлээр дэмжинэ:

11.1.1.оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.2.залуучуудыг хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих;

11.1.3.гадаад улсын тэргүүн туршлага, өндөр технологи, шинэ санааг үндэсний технологи болгон нутагшуулах, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

11.1.4.хөдөлмөрийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.5.гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллахыг дэмжих хөтөлбөрийг гадаад харилцааны болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;

11.1.6.мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинэ мэргэжил эзэмших сургалтад ажилгүй залуучуудыг хамруулах;

11.1.7.орон нутгийн захиалгат ажлын байранд ажиллахаар очсон залуучуудыг дэмжих;

11.1.8.ажил олоход хүндрэлтэй болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн төгсөгчдийг дадлагажуулан байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжих;

11.1.9.хувийн хэвшлийн байгууллага /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах;

11.1.10.энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хамрагдаж, төрийн албанд орох сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцох.

11.2.Энэ хуулийн 11.1.2, 11.1.3, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9-т заасан арга хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1.9-т заасан цагаар хөдөлмөр эрхлэх журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.