10 дугаар зүйл. Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах
10.1.Хорт зуршил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал, хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор залуучуудын эрүүл мэндийг дараахь чиглэлээр дэмжинэ:
10.1.1.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах;
10.1.2.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь оюутан, суралцагчийг эрүүл мэндийн даатгалд хамруулах;
10.1.3.өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх;
10.1.4.залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсрол, эрүүл мэнд болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах;
10.1.5.зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн биеийн тамир, спорт, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх;
10.1.6.олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт залуучуудад архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах, эрүүл, зөв амьдралын хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах.
10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6-д заасан арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.