9 дугаар зүйл. Залуучуудын боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих
9.1.Залуучуудын хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшүүлэхийг дараахь чиглэлээр дэмжинэ:
9.1.1.үндэстний цөөнх, шилжин суурьшигч, зорилтот бүлгийн залуучуудын боловсролын хэрэгцээнд суурилсан сургалтыг насан туршийн боловсролын хөтөлбөрийн дагуу эзэмшүүлэх;
9.1.2.залуучуудыг эх орондоо болон гадаад улсад мэргэжил эзэмших, мэргэших боломжийг бүрдүүлэх;
9.1.3.номын сангийн үйлчилгээг залуучуудад хүртээмжтэй болгох арга хэмжээ авч, цахим номын сан хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
9.1.4.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь хугацаат цэргийн алба хаасан, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан суралцагчийн амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн багц цагийг нөхөн тооцох;
9.1.5.энэ хуулийн 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгох оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах.
9.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан хөтөлбөрийг залуучуудын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
9.3.Энэ хуулийн 9.1.4-т заасан багц цаг нөхөн тооцох журмыг боловсролын болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
9.4.Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, бие бялдар, түүх соёлын хөгжлийг судлахад чиглэсэн залуучууд судлалыг хөгжүүлнэ.
9.5.энэ хуулийн 9.4-т заасан арга хэмжээг Шинжлэх ухааны академи хэрэгжүүлж, Засгийн газарт тайлагнана.
9.6.Залуучуудыг соёл, урлаг, шинжлэх ухааны шинэ бүтээл туурвихыг дэмжинэ.
9.7.Шинжлэх ухаан, өндөр технологи, инноваци, шинжилгээ, судалгааны чиглэлээр үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.
9.8.Энэ хуулийн 9.6, 9.7-д заасан үйл ажиллагааг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж, Засгийн газрын холбогдох тусгай сангаас санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./