10 дугаар зүйл. Монголбанкнаас олгох зөвшөөрөл
10.1.Монголбанк дараахь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоно:
10.1.1.төлбөрийн үйлчилгээ;
10.1.2.төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа;
10.1.3.систем ажиллуулах;
10.1.4.төлбөрийн хэрэгсэл гаргах, хүлээн авах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.1.5.төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх;
10.1.6.гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
10.1.7.аутсорсингийн үйлчилгээ авах;
10.1.8.мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх;
10.1.9.мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх;
10.1.10.цахим мөнгө гаргах;
10.1.11.Монголбанкнаас тодорхойлсон бусад. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.2.Энэ хуулийн 10.1.1-д заасан зөвшөөрөл бүхий этгээдэд 10.1.4-10.1.10-т заасан үйл ажиллагааны зөвшөөрлийг, энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан зөвшөөрөл бүхий этгээдэд 10.1.7-д заасан зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.3.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд аудит хийх, Монголбанкны тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн бүртгэлийг Монголбанк хөтөлнө.
10.4.Энэ хуулийн 10.1.9-д заасан зөвшөөрлийг Банкны тухай хуулийн 6.1.3-т заасан зөвшөөрлийг авсан банканд олгосонд тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./