11 дугаар зүйл. Зөвшөөрөл авах хүсэлт гаргах
11.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагч дараахь баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ:
11.1.1.улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
11.1.2.үзүүлэх төлбөрийн үйлчилгээний талаархи танилцуулга, холбогдох баримт бичиг;
11.1.3.төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэхэд ашиглах хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг;
11.1.4.төлбөрийн үйлчилгээг зохистой, найдвартай, тогтвортой үзүүлэхэд шаардлагатай систем, нөөцтэй, тэдгээрийг ашиглах чадвартайг нотолсон баримт бичиг, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх эхний таван жилийн бизнес төлөвлөгөө, дүрэм, журам;
11.1.5.хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай баримт бичиг;
11.1.6.зохистой засаглал, эрсдэлийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн аргачлал бүхий удирдлага зохион байгуулалт, дотоод хяналт зэргийг зохицуулсан баримт бичиг;
11.1.7.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлснийг нотлох баримт бичиг;
11.1.8.байгууллагын бүтэц, зохион байгуулалт, шаардлагатай тохиолдолд гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ авах тухай шийдвэр, үндэсний, эсхүл олон улсын төлбөрийн системд оролцохтой холбогдох баримт бичиг;
11.1.9.хүсэлт гаргагчтай холбогдох этгээдийн мэдээлэл;
11.1.10.удирдлагын болон төлбөрийн үйлчилгээг хариуцах нэгжийн удирдах ажилтны мэдээлэл;
11.1.11.үйлчилгээний хөлс төлсөн баримт;
11.1.12.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
11.2.Төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Монголбанкнаас баталсан журамд заасан баримт бичгийг бүрдүүлж, Монголбанканд ирүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.3.Систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь дараахь баримт бичгийг Монголбанканд ирүүлнэ:
11.3.1.улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
11.3.2.ажиллуулах системийн танилцуулга, дүрэм;
11.3.3.систем ажилуулахад ашиглах хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг;
11.3.4.систем ажиллуулах эхний таван жилийн бизнес төлөвлөгөө;
11.3.5.зохистой засаглал, эрсдэлийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн аргачлал бүхий удирдлага зохион байгуулалт, дотоод хяналт зэргийг зохицуулсан баримт бичиг;
11.3.6.байгууллагын бүтэц, зохион байгуулалт, шаардлагатай тохиолдолд аутсорсингийн үйлчилгээ авах тухай шийдвэр, үндэсний болон олон улсын төлбөрийн системд оролцохтой холбогдсон баримт бичиг;
11.3.7.мэдээллийн технологийн систем болон техникийн тодорхойлолт, түүнд холбогдох дараахь баримт бичиг:
11.3.7.а.системийн бүтэц, ажиллагаа;
11.3.7.б.үндсэн системийн үйл ажиллагаа доголдсон нөхцөлд авч хэрэгжүүлэх онцгой байдлын болон тасралтгүй, найдвартай ажиллагааны төлөвлөгөө;
11.3.7.в.системд гүйлгээний мэдээллийг боловсруулах болон хадгалах явцад мэдээллийг задруулах, буруугаар ашиглах, устгах, өөрчлөх, хулгайлах, мэдээлэл алдагдах зэрэг аливаа хохирлоос хамгаалах арга хэмжээ.
11.3.8.оролцогч төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй, эсхүл төлбөрийн чадваргүй болсны улмаас системд учруулах эрсдэлийг хязгаарлах, удирдах арга хэмжээ, эрсдэлийн дүн шинжилгээ;
11.3.9.хүсэлт гаргагчтай холбогдох этгээдийн мэдээлэл;
11.3.10.удирдлагын болон системийг хариуцах нэгжийн удирдах ажилтны мэдээлэл;
11.3.11.үйлчилгээний хөлс төлсөн баримт;
11.3.12.Монголбанкнаас тогтоосон бусад мэдээлэл. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.4.Энэ хуулийн 11.1, 11.2, 11.3-т заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк нэмэлт баримт бичиг шаардах эрхтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний үйл ажиллагаа, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.
11.5.Энэ хуулийн 11.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэх хугацаа Монголбанкнаас зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид мэдэгдсэнээс хойш 60 хүртэл хоног байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.6.Монголбанк зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан арга хэмжээг авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./