12 дугаар зүйл. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчид тавих шаардлага

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчид тавих шаардлага

12.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч дараахь шаардлагыг хангасан байна:

12.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан;

12.1.2.Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангасан;

12.1.3.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын зохистой тогтолцоо бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагыг хангахуйц техникийн болон зохион байгуулалтын чадвартай;

12.1.4.хэрэглэгчээс, эсхүл бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс төлбөр гүйцэтгэхийн тулд хүлээж авсан мөнгөн хөрөнгийг өөр зорилгоор ашиглах, гуравдагч этгээдийн мөнгөн хөрөнгөтэй нийлүүлэх зэргээс хамгаалсан, төлбөрийн чадваргүй болсон үед үйлчилгээ үзүүлэгчийн бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлээс тусгаарлах боломж бүхий тогтолцоотой;

12.1.5.таван жилийн стратеги болон бизнес төлөвлөгөөтэй;

12.1.6.төлбөрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар бүхий хүний нөөцтэй;

12.1.7.тухайн системд зөвшөөрөгдсөн гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэхэд шаардлагатай төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг баталгаажуулах, зээлийн эрсдэлээс хамгаалсан;

12.1.8.Монголбанкнаас тогтоосон бусад нөхцөлийг хангах. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Монголбанк энэ хуулийн 12.1.2-т заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг доор дурдсан хүчин зүйлсийг харгалзан үзэж тогтоох ба зөвшөөрөл авч байгаа этгээдийн зөвшөөрлийн нөхцөлд тодорхой тусгана:

12.2.1.үзүүлэх төлбөрийн үйлчилгээний төрөл;

12.2.2.төлбөрийн дундаж дүн;

12.2.3.холбогдох бусад хүчин зүйлс.

12.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкнаас баталсан журмаар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.