15 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох, сунгах, татгалзах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх болон систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд Монголбанк зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаатай олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
15.2.Зөвшөөрөл авах, зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргагч энэ хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирүүлснээс хойш зөвшөөрөл олгох, сунгах эсэх асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэж, шийдвэр гарснаас хойш хүсэлт гаргагчид гурав хоногийн дотор мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.3.Энэ хуулийн 15.1, 15.5-д заасан зөвшөөрөл олгох, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нийт хугацаа зөвшөөрөл авах хүсэлтийг анх хүлээн авсан өдрөөс хойш 180 хоногоос хэтрэхгүй байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.4.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох нь санхүүгийн тогтвортой байдал, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгод нийцсэн байна.
15.5.Зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтээ энэ хуулийн 15.1-д заасан хугацаа дуусгавар болохоос 180 хоногийн өмнө энэ хууль болон Монголбанкнаас тогтоосон баримт бичгийн хамт Монголбанканд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
15.6.Зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргагч энэ хууль болон Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангасан тохиолдолд Монголбанк уг зөвшөөрлийг хугацаагүй олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
15.7.Зөвшөөрөл авах, зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргагч нь энэ хууль болон Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаагүй тохиолдолд Монголбанк зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзаж, шийдвэрийг үндэслэлийн хамт ажлын гурван өдрийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./