19 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
19.1.Монголбанк зөвшөөрлийг тухайн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь үндэслэлээр Монголбанкны шийдвэрт заасан хугацаагаар түдгэлзүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.1.1.зөвшөөрлийн нөхцөлд заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 80 хүртэл хувиар хангаагүй;
19.1.2.энэ хуульд заасан бусад шаардлагыг хангаж ажиллаагүй.
19.2.Монголбанк зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож, нийтэд зарлана:
19.2.1.зөвшөөрөл эзэмшигчийг дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг зарласан, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
19.2.2.зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь зөвшөөрөл авснаас хойш илэрсэн;
19.2.3.Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш зургаан сараас дээш хугацаанд зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхэлж эхлээгүй;
19.2.4.зөвшөөрлийн нөхцөлд заасан өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 80-аас дээш хувиар хангаагүй;
19.2.5.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.
19.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох тухай Монголбанкны шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргасан нь Монголбанкны шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
19.4.Энэ хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр тооцооны болон клирингийн систем дэх гүйлгээнд оператор хязгаарлалт тогтоож болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
19.5.Зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 19.1-д заасан зөрчлийг арилгасныг Монголбанкнаас тогтоосон тохиолдолд Монголбанкны шийдвэрээр зөвшөөрлийг сэргээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
19.6.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч өөрийн үйл ажиллагааг тухайн шийдвэр гарсан өдрөөс эхлэн зогсоож, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тэдгээрийн хохирлыг барагдуулах, мөнгөн хөрөнгийг буцаан олгох арга хэмжээг авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
19.7.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой гарсан зардлыг зөвшөөрөл эзэмшигч хариуцан төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
АУТСОРСИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ, ГЭРЭЭТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАМЖУУЛАН ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ