5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."үндэсний төлбөрийн систем" гэж төгрөг, гадаад валютаар хийгдэх шилжүүлэг болон төлбөрийн даалгаврын боловсруулалт хийх, илгээх, дамжуулах, хүлээн авахтай холбогдох үйлчилгээ, төлбөрийн хэрэгсэл гаргах үйл ажиллагаа, төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүхэлд нь үйл ажиллагаа эрхэлж байгаа системийн оператор, оролцогч, тэдгээрийн нэрийн өмнөөс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд, тэдгээрийн цогц нэгдлийг;

5.1.2."төлбөрийн систем" гэж оролцогч хооронд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх, түүнтэй холбогдсон журам, дүрэм, техник технологи, программ хангамж, төлбөрийн хэрэгсэл бүхий цогц бүтцийг;

5.1.3."төлбөр тооцооны систем" гэж оролцогч хоорондын мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны төлбөрийн, Монголбанкны зөвшөөрөл бүхий системийн, клирингийн системээс тодорхойлсон үр дүнгийн тооцооллын төлбөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор Монголбанкнаас үүсгэн байгуулж, ажиллуулж байгаа дэд бүтцийг;

5.1.4."клирингийн систем" гэж нэг оролцогчоос нөгөө оролцогчид мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас шилжүүлэхтэй холбогдох мэдээллийг клирингийн төвөөр дамжуулан солилцох, оролцогчдын төлбөр тооцооны үр дүнг тооцоолох үйл ажиллагаа, техник технологи, программ хангамжийн шийдэл бүхий дэд бүтцийг;

5.1.5."систем" гэж төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны системийг;

5.1.6."оператор" гэж Монголбанк, систем ажиллуулах Монголбанкны зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

5.1.7."оролцогч" гэж клирингийн, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх, системд шууд болон шууд бусаар төлбөр илгээх, хүлээн авах эрхтэй этгээдийг;

5.1.8."шууд оролцогч" гэж харилцагчийн болон өөрийн, гэрээний үндсэн дээр шууд бус оролцогчийн төлбөр тооцоог хариуцан гүйцэтгэж байгаа оролцогчийг;

5.1.9."шууд бус оролцогч" гэж төлбөр тооцоог гэрээний үндсэн дээр шууд оролцогчоор дамжуулан гүйцэтгэж байгаа оролцогчийг;

5.1.10."хэрэглэгч" гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч байгаа аливаа этгээдийг;

5.1.11."арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд" гэж үнэт цаас болон санхүүгийн хэрэгслийн худалдагч бүрийн хувьд худалдан авагч, худалдан авагч бүрийн хувьд худалдагчийн үүргийг хүлээж, төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх төлбөр тооцооны системийн оролцогч хуулийн этгээд бөгөөд үүнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэгч этгээд хамаарна;

5.1.12."клирингийн төв" гэж Монголбанк, клирингийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий, оролцогчийн дансыг өөр дээрээ байршуулдаггүй хуулийн этгээдийг;

5.1.13."төлбөр тооцооны төлөөлөгч" гэж оролцогч хоорондын төлбөр тооцоог хийх зорилгоор тэдгээрийн төлбөр тооцооны дансыг өөр дээрээ байршуулсан Монголбанкны зөвшөөрөл бүхий шууд оролцогчийг;

5.1.14."төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч" гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монголбанкны зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

5.1.15."гэрээт төлөөлөгч" гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг;

5.1.16."төлбөрийн үйлчилгээ" гэж бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлэг хийх, төлбөр шилжүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах, хүлээн авах, мөнгөн гуйвуулга хийх, цахим мөнгө гаргах, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх болон Монголбанкнаас тодорхойлсон мөнгөн хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон бусад үйлчилгээг;

5.1.17."төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа" гэж төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид техник технологи, мэргэжлийн боловсон хүчний болон Монголбанкнаас тодорхойлох бусад дэмжлэг үзүүлэх, Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг;

5.1.18."шилжүүлэг" гэж аливаа этгээдээс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг;

5.1.19."кредит шилжүүлэг" гэж төлбөр шилжүүлэгчийн даалгаврын дагуу төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан төлбөр хүлээн авагчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг;

5.1.20."дебит шилжүүлэг" гэж төлбөр хариуцагчаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид олгосон зөвшөөрөлд үндэслэн төлбөр хүлээн авагчийн нэхэмжлэлийн дагуу эхлүүлж байгаа мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг;

5.1.21."мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг" гэж харилцагчаас цахим төхөөрөмжийн тусламжтайгаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид хандаж эхлүүлсэн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг;

5.1.22."мөнгөн гуйвуулга" гэж төлбөр шилжүүлэгч, төлбөр хүлээн авагчийн нэр дээр данс үүсгэлгүйгээр төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан мөнгөн хөрөнгө шилжүүлэх Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх үйлчилгээг;

5.1.23."төлбөрийн хэрэгсэл" гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг;

5.1.24."төлбөрийн карт" гэж олон улсад зөвшөөрөгдсөн картын байгууллагын стандарт болон Монголбанкны шаардлагыг нэгэн зэрэг, эсхүл аль нэгийг нь хангасан карт эзэмшигчид төлбөр хийх боломж олгодог төлбөрийн хэрэгслийг;

5.1.25."цахим мөнгө" гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг;

5.1.26."төлбөр тооцоо" гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг;

5.1.27."төлбөр тооцооны данс" гэж оролцогч хооронд төлбөр тооцоо хийхэд ашиглах Монголбанк, арилжааны төлбөр тооцоог төвлөрүүлэн гүйцэтгэх эрх бүхий этгээд, эсхүл төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршиж байгаа оролцогчийн дансыг;

5.1.28."клиринг" гэж төлбөр тооцоо хийхээс өмнө мөнгөн хөрөнгийн, эсхүл үнэт цаасны шилжүүлгийн даалгаврыг дамжуулах, тохируулах, баталгаажуулах үйл явц бөгөөд үүнд шилжүүлгийн үр дүнгийн тооцоолол, төлбөр тооцооны эцсийн дүнг тодорхойлох ажиллагаа багтана;

5.1.29."үр дүнгийн тооцоолол" гэж хоёр ба түүнээс дээш оролцогчийн харилцан хүлээсэн төлбөрийн үүргийн цэвэр дүн болох үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг тодорхойлох үйл ажиллагааг;

5.1.30."үр дүнгийн тооцооллын хаалтын дүн" гэж төлбөр тооцооны дүрмийн дагуу оролцогч хоорондын өглөг, авлагын дүнг цэвэршүүлж, нэг цэвэр авлага, эсхүл өглөг болгох үйл ажиллагааны үр дүнд бий болсон төлбөр тооцооны дүнг;

5.1.31."үр дүнгийн төлбөр тооцоо" гэж тухайн өдөр оролцогч хооронд хийгдсэн шилжүүлгийн үр дүнгийн тооцооллыг нэг ба түүнээс дээш удаа тогтоосон хугацаанд холбогдох дансанд тусгах ажиллагааг;

5.1.32."үүрэг дуусгавар болох үеийн үр дүнгийн тооцоолол" гэж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон оролцогчийн төлбөр тооцоог хийж дуусгах зорилгоор операторын гүйцэтгэх үр дүнгийн тооцооллын онцгой хэлбэрийн үйл ажиллагааг;

5.1.33."үүрэг шилжих үеийн үр дүнгийн тооцоолол" гэж талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж, харилцан тооцох, шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх замаар гүйцэтгэх үр дүнгийн тооцооллын үйл ажиллагааг;

5.1.34."олон талын үр дүнгийн тооцоолол" гэж гурав ба түүнээс дээш талын хооронд үүсэх үүргийн үр дүнг тооцоолох үйл ажиллагааг;

5.1.35."төлбөрийн эцэслэлт" гэж аливаа нөхцөлд үл буцаагдах төлбөр тооцоог;

5.1.36."төлбөр тооцооны дүрэм" гэж төлбөрийн үүргийг тооцох, үр дүнгийн тооцоолол хийх, төлбөр тооцоог гүйцэтгэх суурь зарчмыг тодорхойлсон Монголбанкнаас баталсан дүрмийг.

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМ ДЭХ МОНГОЛБАНКНЫ БҮРЭН ЭРХ, ОРОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.