6 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх
6.1.Монголбанк үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулж, хяналт тавина.
6.2.Монголбанк энэ хуулийн 6.1-д заасны дагуу үндэсний төлбөрийн системийг бүхэлд нь болон түүний бүрэлдэхүүн хэсгийг зохицуулж, хяналт тавихдаа нийтийн болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, төлбөрийн үйлчилгээний зах зээл дэх өрсөлдөөнийг дэмжинэ.
6.3.Монголбанк үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулахтай холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1.үндэсний төлбөрийн системийн бодлогыг тодорхойлох;
6.3.2.энэ хуулийн 10.1-д заасан зөвшөөрөл олгох;
6.3.3.үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохицуулах, шинээр төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбогдсон дүрэм, журам батлах, шийдвэр гаргах;
6.3.4.зөвшөөрөл авсан этгээд, түүний төлбөрийн системд хамаарах үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага, тэдгээрт холбогдох дүрэм, журам, заавар батлах, шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
6.3.5.төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, төлбөрийн хэрэгсэл гаргахтай холбогдох бусад үйл ажиллагааг гүйцэтгэх.