1.4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.1."анхан шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг;
1.2."бусад газар" гэж хүн, хуулийн этгээдийн орон байрнаас бусад өмчлөл, эзэмшлийн байр, байгууламж, бусад обьектыг;
1.3."бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;
1.4."гэр бүлийн гишүүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;
1.5."томилогдсон өмгөөлөгч" гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг;
1.6."давж заалдах шатны шүүх" гэж эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг;
1.7."даруй" гэж боломжит богино хугацааг;
1.8."мөрдөгч" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;
1.9."мөрдөн шалгах ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг;
1.10."мөрдөн шалгах нууц ажиллагаа" гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг;
1.11."мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга" гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нэгжийн даргыг;
1.12."мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага" гэж энэ хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар заасан байгууллагыг;
1.13."оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;
1.14."орон байр" гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн Тайлбарт заасныг;
1.15."орчуулагч" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг;
1.16."өмгөөлөх тал" гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;
1.17."өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч" гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг;
1.18."прокурор" гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг;
1.19."садангийн хүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасныг;
"1.20."талууд" гэж шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, санал, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлах, танилцуулах оролцогч, эсхүл яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.21."тусгай мэдлэг" гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг;
1.22."төрлийн хүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д заасныг;
1.23."үндэслэл бүхий сэжиг" гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаархи мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг;
1.24."үр хүүхэд" гэж төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг;
1.25."хангалттай үндэслэл" гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг;
1.26."хойшлуулшгүй тохиолдол" гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг;
1.27."хяналтын шатны шүүх" гэж Улсын дээд шүүхийг;
1.28."хэлмэрч" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг;
1.29.“шинжээч” гэж Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.4-т заасныг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.30."шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг;
1.31."шүүгч" гэж бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг;
1.32."шүүхийн иргэдийн төлөөлөгч" гэж шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэнийг;
1.33.“шүүхийн шийдвэр” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.34."прокурорын шийдвэр" гэж Прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг;
1.35."мөрдөгчийн шийдвэр" гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн гаргах тогтоолыг;
1.36."эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;
1.37."яллах тал" гэж прокурорыг.