1.5 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.5 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол

1.Дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:

1.1.гэмт хэргийн шинжгүй;

1.2.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.3.яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/;

1.4.тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа;

1.5.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон.

2.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.

3.Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх ба уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.