10.1 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл
1.Шүүгч дараахь үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй:
1.1.оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол;
1.2.тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;
1.3.өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол;
1.4.өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч оролцож болохгүй.
3.Анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн уг хэргийг давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж болохгүй.
4.Шүүгч энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлийг мэдмэгц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй бол гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно.