11.8 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11.8 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулах

1.Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.

2.Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах, төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуулбарлан авах эрхтэй. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

4.Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай бол санал, хүсэлт гаргасан хүнийг байлцуулж болно.

5.Оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг түүнд танилцуулна.

6.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл танилцуулахад энэ зүйл нэгэн адил хамаарна.

7.Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.